Үйлчилгээний нөхцөл

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /цаашид систем гэх/, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ /цаашид систем хариуцагч гэх/, системээр дамжуулан хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх мэдээлэл хариуцагч, эрх бүхий төрийн байгууллагууд/цаашид мэдээлэл хариуцагч, үйлчилгээ үзүүлэгч гэх/, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу хүн, хуулийн этгээд /цаашид "Хэрэглэгч" гэх/ хооронд цахимаар үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах бөгөөд талуудын эрх, үүргийг тодорхойлно.

Систем хариуцагч нь үйлчилгээний нөхцөлд бие даан өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, нэмэлт өөрчлөлт нь системд нийтлэгдэх, хэрэглэгчдэд мэдэгдэл хэлбэрээр очсоноор хүчин төгөлдөр болно.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан гүйцэтгэсэн үйлчилгээнд хамаарах бөгөөд хэрэглэгчийн бусад систем, сувгаар мэдээлэл хариуцагчаас авсан үйлчилгээнд хамаарахгүй.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1.

“Дан систем” гэж цахим орчинд бүхий л төрлийн үйлчилгээг авахад тухайн иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий үндэсний танилт нэвтрэлтийн системийг;

2.2.

“ХУР систем” гэж олон улсын жишигт нийцсэн, найдвартай ажиллагаатай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэхэд зориулсан бие даасан төрийн мэдээлэл солилцооны системийг;

2.3.

“Төлбөр” нь хэрэглэгчийн авах үйлчилгээнд тохируулж системд үүсгэсэн мэдээлэл хариуцагчаас хууль, журмын дагуу тогтоосон үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэл болон бусад төлбөрийг;

2.4.

“Үйлчилгээ” гэж мэдээлэл хариуцагч байгууллагуудаас хэрэглэгчид зориулан үзүүлж буй дараах төрлийн цахим үйлчилгээг ойлгоно.

2.4.1.

Хэрэглэгч нь системд нэвтрэн ХУР системээр дамжуулан Мэдээлэл хариуцагч байгууллагын систем(мэдээллийн сан)-с бодит цагийн горимоор мэдээлэл татан авч буй үйлчилгээ;

2.4.2.

Мэдээлэл хариуцагч нь системээр дамжуулан хэрэглэгчээс хүсэлт хүлээн авч тодорхой хугацааны дараа хариу үр дүнг илгээн үзүүлж буй үйлчилгээ;

2.4.3.

Хэрэглэгчдээс санал асуулга авах үйлчилгээ;

2.4.4.

Хэрэглэгчдэд хувийн болон нийтийн зарлал мэдээлэл өгөх үйлчилгээ;

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
3.1.

Хэрэглэгч нь ДАН систем ашиглан системд нэвтэрнэ. ДАН системд ашиглагдах үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн гэрчилгээ, нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.

3.2.

Хэрэглэгч өөрийн бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үйлчилгээ авч дууссан бол системээс гарах шаардлагатай. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг систем хариуцахгүй.

3.3.

Системд ДАН системийн итгэмжлэлийн эрхээс бусад өөр хэрэглэгчийн нэвтрэх эрхийг ашиглаж үйлчилгээ авахыг хориглоно.

3.4.

Хэрэглэгч системд нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл энэ тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, нууц үгээ солих үүрэгтэй.

3.5.

Хэрэглэгч нь үйлчилгээтэй холбоотой санал гомдол гаргах эрхтэй. Хэрэглэгчээс ирүүлсэн санал гомдлыг системийн санал гомдол илгээх сувгуудаар болон 1111-2 утсаар эсхүл  үйлчилгээний нэгдсэн төвөөр (ажлын өдрүүдэд 08:30 - 17:30 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

3.6.

Хэрэглэгч нь үйлчилгээ авсан мэдээлэл хариуцагч байгууллагын үйлчилгээний чанар эсвэл системийн үйлчилгээний чанарт үндэслэн 1-5 хүртэлх оноогоор үнэлнэ. Хэрэглэгчийн өгсөн үнэлгээ бүрийн мэдээллийг системд цуглуулж систем хариуцагч үйлчилгээний чанарыг сайжруулахад ашиглана.

ДӨРӨВ. СИСТЕМИЙН ЭРХ ҮҮРЭГ
4.1.

Хэрэглэгч энэхүү нөхцөлөөр тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд системд нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаагаар хаах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлнэ.

4.2.

Системийн хөгжүүлэлт, найдвартай ажиллагаа, үйлчилгээнд ашиглагдсан хэрэглэгчийн хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

4.3.

Мэдээлэл хариуцагчтай хамтран төрийн үйлчилгээний талаар үнэн зөв, цэгцтэй мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэгтэй.

4.4.

Системийн нэр, лого, ажиллах зарчим, эх код, өгөгдлийн бүтэц зохиогчийн эрхээр хамгаалагдана.

4.5.

Систем нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.

4.6.

Систем нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 2 хоногийн өмнө нийтэлж байна.

4.7.

Систем нь бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хэдий ч гишүүн байгууллагын үйлчилгээний хүсэлтийг боловсруулах хугацаанд өөрчлөлт орж болно.

4.8.

Мэдээлэл хариуцагчийн мэдээллийн системд гарсан доголдолд систем хариуцлага хүлээхгүй боловч системийн найдвартай ажиллагааг сэргээхэд хүчин чармайлт гарган ажиллана.

4.9.

Үндэсний чатыг ашиглаж буй хэрэглэгчдийн хоорондын харилцаанаас үүссэн аливаа асуудлыг систем хариуцахгүй.

4.10.

Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд систем нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

ТАВ. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
5.1.

Мэдээлэл хариуцагчийн цахим үйлчилгээ тус бүр хууль тогтоомж, үйлчилгээний онцлогоос хамааран “Үйлчилгээний тусгай нөхцөл”-тэй байж болно.

5.2.

Хэрэглэгч нь мэдээлэл хариуцагчийн үйлчилгээний тусгай нөхцөлтэй танилцаж, дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

5.3.

Мэдээлэл хариуцагчаас хэрэглэгчийн үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлэсэн байдалд систем хариуцлага хүлээхгүй.

5.4.

Эрх бүхий төрийн байгууллага хэрэглэгчийн мэдээлэлтэй хуулийн дагуу танилцах эрхтэй байна.

ЗУРГАА. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
6.1.

ХУР системээр дамжуулан үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэлд хандсан байдал, үйлчилгээний түүх, идэвхтэй байгаа үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн байдал, төлбөрийн мэдээлэл зэргийг хэрэглэгч өөрөө шалгах боломжийг систем бүрдүүлнэ.

6.2.

Хэрэглэгч нь e-mongolia.mn, ХУР системээс гарч байгаа мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж, зөрүүтэй, алдаатай мэдээллийн талаар систем хариуцагч болон мэдээллийн сан хариуцагч, эрх бүхий төрийн байгууллагад мэдэгдэж залруулах талаар шаардлага тавих эрхтэй.

6.3.

Хэрэглэгчийн алдаатай, дутуу, буруу оруулсан дата мэдээллээс шалтгаалан эрх бүхий гишүүн байгууллага, мэдээллийн сан хариуцагч үйлчилгээний хүсэлтийг буцаасан, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, үйлчилгээ үзүүлэх хугацаа удааширсан гэх мэт аливаа үр дагавар үүссэн нөхцөлд систем хариуцлага хүлээхгүй.

6.4.

Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаанд хаах нь тухайн үйлчлүүлэгчийн системд үүссэн дата, мэдээллийг устгах үндэслэл болохгүй.

6.5.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний хүсэлттэй холбоотой цахим баримт бичиг, дата мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цахим архив үүсгэн хадгална.

6.6.

Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад байдлаар Харилцагчийн хувийн мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, хамгаалах, бусад этгээдэд задруулах буюу гуравдагч этгээдэд мэдээлэхийг хориглоно.

6.7.

Системтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь системийн дата бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай”, “Төрийн болон албаны нууцын тухай”, “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТООЦОО
7.1.

Систем нь үйлчилгээний хүсэлт биелсний дараа төлбөрийн мэдэгдлийг хэрэглэгчид хүргэнэ.

7.2.

Систем нь төлбөр төлөх олон боломжийг хэрэглэгчид санал болгох ба тухайн төлбөр тооцооны хэлбэрээс хамаарч гүйлгээний шимтгэл харилцан адилгүй байна.

7.3.

Үйлчлүүлэгч болон төлбөр тооцооны хэрэгслийг санал болгож буй байгууллагын хооронд үүсэх гүйлгээний шимтгэлтэй холбоотой аливаа асуудлыг систем хариуцахгүй.

7.4.

Үйлчилгээний үр дүнг хүлээн авахдаа шуудан хүргэлтийн үйлчилгээ авах тохиолдолд холбогдох зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

7.5.

Үйлчилгээний төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч буюу мэдээлэл хариуцагч тогтоох бөгөөд төлбөрийн мэдээллийг хүсэлт авахаас өмнө системд байршуулсан байна.

7.6.

Төлбөртэй үйлчилгээний нэхэмжлэх нь дараах төрлүүдтэй байна.

7.6.1.

Үйлчилгээг авахаас өмнө төлөх үнийн тариф тогтоогдсон статик нэхэмжлэл;

7.6.2.

Үйлчилгээний хүсэлтийн үр дүн амжилттай үүссэний дараа төлөх тогтсон тарифтай статик нэхэмжлэл;

7.6.3.

Үйлчилгээний хүсэлтийн үр дүнгээс хамаарч мэдээлэл хариуцагчаас тогтоох динамик нэхэмжлэл;

7.7.

Хэрэглэгч системд И-баримт бүртгүүлээгүй, тохиргоо хийгээгүйгээс цахим баримт үүсээгүй тохиолдолд систем хариуцлага хүлээхгүй.

НАЙМ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГЛЭЭ, ХАРИУЦЛАГА
8.1.

E-mongolia.mn үйлчилгээний нэгдсэн порталыг дараах зорилгоор ашиглаж болохгүй. Үүнд:

8.1.1.

Хууль зөрчсөн, залилан мэхэлсэн шинжтэй аливаа үйлдэл;

8.1.2.

Хуурамч баримт бичиг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх, үйлчилгээ авахыг завдах;

8.1.3.

Систем болон түүний дэд системүүдэд халдах, хакердах, системд гэмтэл, саатал учруулах, доголдуулах;

8.1.4.

Бусад үйлчлүүлэгчийн эрхийг зөрчих, систем ашиглахад нь саад учруулах;

8.1.5.

Хууль зөрчсөн, зөрчихийг уриалсан агуулгатай материалыг нийтлэх, илгээх.

8.2.

Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад үйлчлүүлэгчид хохирол учруулсан нь батлагдвал Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

8.3.

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

ЕС. БУСАД
9.1.

Хэрэглэгч нь систем ашиглах тухай 11-11 тусгай дугаараас мэдээлэл авч болох ба үйлчлүүлэгчийн байгаа байрлалд биечлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.

9.2.

Систем хариуцагч нь үйл ажиллагаандаа “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем- ISO 27001:2022” стандартыг нэвтрүүлж, мөрдөж ажиллана.