.png)
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-т боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэл, дүүргийн Засаг даргаас өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, нэгжүүдэд нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байв. Тодруулбал, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дүүргийн 1, 6, 7, 9 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 40-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн ээлжийн ачааллыг бууруулах ачааллыг бууруулах зорилгоор 36, 109-р цэцэрлэгийн барилгыг ашиглан тус бүр бага ангийг 8 бүлгийг хичээллүүлж байна. Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлын хүрээнд эхний найман сарын байдлаар 408.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 272 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал болон хагас коксон түлшийг 12, 13, 15–20 дугаар хорооны 32 цэгээр худалдаалахаар гэрээ байгуулаад байна.
Энэ үеэр шинээр томилогдсон Цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Саруул, Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Г.Энхзориг болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Анхбаяр нарыг тус тус танилцуулав.
Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
1. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын хэсгүүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах.
2. Авто зам, явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг стандартын дагуу гүйцэтгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
3. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зуух, яндангийн үзлэг, засвар, цэвэрлэгээ, агаар сэлгэлт, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах.
4. 2026-2027 оны хүйтний улиралд нийслэлийн хүн амыг сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, үйлдвэрлэл, татан авалт, тээвэрлэлт, агуулах, нөөц бүрдүүлэлт, борлуулалтын цэгийн байршил, хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нийцүүлэн түлшний нөөц, түгээлтийн бэлэн байдлыг ханган, 10 дугаар сарын 01-нд хагас коксон түлшээ оруулж ирэх, “Хотула” аппликейшний мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
5. “Шарилжгүй Улаанбаатар” болон зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг цэгцлэх зэрэг ажлуудын хэрэгжилтийг хангуулах.
6. “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор вакцинжуулалтыг эрчимжүүлэх.
7. Нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ-ууд хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажилгүй иргэдийг ажилд зуучлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, үр дүгнэж ажиллах.
8. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.